монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

БНСВУ-ын Элчин сайдын яамтай уулзалт зохион байгууллаа

Admin 2021/05/27 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд нэмэлт, өөрчлөлт орсон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмыг таниулах зорилгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдтай хамтран хуулийн танилцуулга уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран тус улсын иргэдэд хуулийн нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалтыг танилцуулж, мэдээлэл өглөө.

DSC_0060.jpg

Тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Дашдэмбэрэл, БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Thu Trang, БНСВУ-аас Монгол Улсад суугаа иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Nguyen Huy Tuan зэрэг албаны хүмүүс болон Монгол Улсад оршин сууж буй вьетнам иргэдийн төлөөлөл оролцсон юм.

DSC_0072.jpg

Уулзалтаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар таниулахаас гадна Засгийн газраас барьж буй бодлого шийдвэр, байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өгч, уулзалтад оролцож буй иргэдийн асуултад хариуллаа.
DSC_0067.jpg

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр "Зохих ангиллын визээ авсан, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг байнга хянаж шалгах, торгууль шийтгэл ногдуулах асуудал байхгүй. Та бүхэнд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, хуулийн дагуу визээ мэдүүлж, хуулийн дагуу оршиж сууж, хуулийн дагуу ажиллах ёстой гэдэг үндсэн шаардлагыг тавьж ажиллана." гэлээ. Мөн тэрээр өнгөрсөн онд засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ хөрөнгө оруулагч ангиллын визээр оршин суух зөвшөөрөл авч ажлын байрны татвараас зайлсхийсэн зөрчил хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллага дээр гарсан талаар онцлоод цаашдаа ийм төрлийн зөрчил гаргахгүй байхыг сануулсан юм.

DSC_0079.jpg

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 200 гаруй вьетнам иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.