монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Admin 2021/06/01 Мэдээ, мэдээлэл

УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нийт 60 гаруй төрлийн нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгож цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чухал зохицуулалтуудыг хийсэн юм. Тухайлбал, Монгол Улс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож байсан нь визийн шинэ ангилал нэмэх, өөрчлөх зэрэг зохицуулалт хийх боломжгүйд хүргэдэг байсан. Иймээс визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх үүднээс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож байгааг өөрчлөн Засгийн газар тогтоодог байхаар өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж визийн төрөл, ангиллыг шийдвэрлэдэг байсныг тухайн үеийн нөхцөл байдалд нь тохируулан хөнгөн, хялбар байдлаар нэмэх, хасах, өөрчлөх боломж ийнхүү бүрджээ.

192275536_4433931519959971_3357725121638351645_n.png

Үүнээс гадна визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, олон улсын хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зохицуулалтуудыг шинээр тусгажээ. Тухайлбал, Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн ажлын 7 хоногт холбогдох байгууллагад бүртгүүлдэг байсан зохицуулалтыг хүчингүй болгож, гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт цахимаар бүртгүүлэхээр зохицуулсан байна.

194418618_4433931493293307_9007028884773731043_n.png

Түүнчлэн Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гарах бүртээ “гарах-орох” зориулалтын визийг авч байгаа нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан. Тиймээс “гарах-орох” гэсэн зориулалтын визийг халж, Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн Монгол Улсын хилээр гараад буцаж ирэх тохиолдолд завал гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй болсон байна.

194531791_4433931479959975_821408371620668203_n.png

Мөн хуулийн зохицуулалтаар цахим виз, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор гадаадын иргэний хурууны хээг хил дээр авч гадаадын иргэнд дахин давтагдахгүй дугаар олгохоор болжээ. Энэхүү дугаар олгогдсоноор гадаадын иргэний бүртгэлийн давхцал арилж, мэдээллийн шинэ дата үүсэх юм. Мөн гадаадын иргэнд Монгол иргэдийн адил банкны үйлчилгээ авах, нийгмийн даатгал, татвар төлөх гэх зэрэг олон боломж нээгдэж байна.

194715695_4433931486626641_6713803644076645453_n.png

Дээрх өөрчлөлтүүдээс гадна Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд хүндэтгэн үзэх шалтгаантай гадаадын иргэнийг албадан гаргахаас чөлөөлөх, нэг өдрийн аялал жуулчлалын виз олгох зэрэг олон асуудлыг тусгасан байна.

Ийнхүү хууль хэрэгжиж эхэлснээр гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ хөнгөн шуурхай болж улмаар гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын иргэний виз, бүртгэлийн тогтолцоо боловсронгуй болж, олон улсын жишигт нийцэхийн зэрэгцээ, эдгээрийг дагалдан гадаадын иргэдэд хяналт тавих механизм сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 1993 онд анх батлагдсан бөгөөд 2010 онд хуулийн шинэчилсэн найруулгыг баталсанаас хойш 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.